
Монгол мал бэлчээрийн нөхцөлд идээшилж, тарга тэвээрэг авдаг учир хүнс тэжээлийн үнэт чанараараа онцгой гэдгийг эрдэмтэд нэгэнт баталжээ. Хэрэглэгчдийнхээ сонголтонд дэмжлэг болох үүднээс таван хошуу малын махны талаар илүү шинжлэх ухаанч мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
Монгол хонины мах:
Мах, махан бүтээгдэхүүний нэг хүний жилийн хэрэглээ статистикийн мэдээгээр 100 орчим кг байгааг хонины ясгүй маханд шилжүүлж тооцоход өдөрт 270 г мах буюу 50.9 г цэвэр уургийг махнаас авчээ. Монгол хонины махны 50.9 г уургийн үл орлогдох аминхүчил, организмын хоногийн хэрэгцээг 100-300% хангаж чадна.
Монгол үхрийн мах:
Монгол үхэр богино хугацаанд гарц ихтэй сайн чанарын мах өгдөг. Махны химийн найрлага, малын нас, тарга хүчнээс ихээхэн хамаардаг байна. Малын нас нэмэгдэхэд махны биологийн үнэт чанарын үзүүлэлт мөн дээшлэх бөгөөд үүнд малын үүлдэр тодорхой нөлөөтэй. Тухайлбал 2.5 настай монгол эр үхрийн уургийн үл орлогдох аминхүчлийн хэмжээ 2 настайнхаас 3.6%-иар, адил настай, казакийн цагаан толгойт монголын эрлийз үхэр болон сарлагийн махныхаас 7.7-9.5%-иар их байдаг.
Монгол адууны мах:
Махны химийн ерөнхий найрлага бусад малынхаас зарчмын ялгаагүй, харин уургийн задрагт үл орлогдох аминхүчлийг бүрэн агуулсан миоальбумин, глобулин, миогений бүлгийн уураг зонхилдог тул шингэцээр маш сайн.
Монгол ямааны мах:
Монгол ямаа нь ноолуур-сүү-махны хосолмол ашиг шимтэй, Азийн ноолуурын хэв шинж агуулсан. Биеэр жижиг, биеийн массаар ноолуурын үүлдрийн бусад ямааг гүйцэхгүй. Өвөл хаврын улиралд намрын жингийнхээ 25-27%-ийг алдаж, зун намрын отроор түүнийгээ бүрэн нөхөж таргалдаг. Тарга хүч бүрэн авсан ямааны нядалгын гарц хониныхоос дутахгүй бөгөөд махны химийн найрлагын үзүүлэлт мөн адил түвшинд байна.
Монгол тэмээний мах:
Хоёр бөхт тэмээ нь таргалах чадвар сайтай, махан ашиг шимээр арвин, махны гарц өндөр бөгөөд химийн найрлага нь тарга хүчээс хамааран бага зэрэг хэлбэлзэнэ. Тэмээний борц шим тэжээлт чанарын хувьд үхрийн махны борцноос дутахааргүй чанартай.
Сошиалаар нэвтрэхэд доорх мэдээллийг оруулах шаардлагатай
Бүртгэлтэй хэрэглэгч
Шинэ хэрэглэгч